Зиаа, Бобуся би бээр Дөлгөөн блогоор байнга зочилж, бид хэддээ урам хайрлаж байдаг уншигч Та бүхэнтэйгээ Гоодаль цэцгийн талаархи өчүүхэн мэдлэгээ хуваалцах гэж буй даа баярлаж байна гэж жигтэйхэээн. Учир юү гэвэл 7 жилийн өмнө би энэхүү цэцгийг анх гэртээ тарьж байхдаа нилээн будилж байсан түүхтэй. Уг “будлиан” маань жоохон эмгэнэлтэй төгссөн л дөө, мэдлэг дутуугийн улмаас нилээн олон булцуугаа “үхчихсэн байна” хэмээн андуураад хаячихсан юм. Тэгэхдээ миний энэхүү бичлэгийг уншсан хүн над шиг “алдаа” лав гаргахгүй байх гэсэн үүднээс уг нийтлэлээ мөн ч дуртай бичлээ дээ.
За, ер нь бол Calla Lily хэмээгдэх энэхүү цэцэг нь Өмнөд Африкаас гаралтай гэгддэг ч дэлхийн өнцөг булан бүрт тархсан, нилээн түгээмэл ургамал. Гоодаль цэцгийг 3 ангилдаг бөгөөд аль ангилалд багтаж буйгаас шалтгаалж арчилгаа нь эрс тэс ялгаатай. За яг нарийвчлан ялгах юм бол 2 юм байна даа: 1. Aethiopican Calla 2. Zantedeschia Calla.
Монголд нилээн түгээмэл байдаг Гоодаль нь Aethiopican Calla буюу цагаан цэцэгт Гоодаль юм. Уг гарвал нь Өмнөд Африкийн баруун эрэг. Уг эргээс гаралтай энэхүү цэцэг нь Атлантын далайн хүйтэн сэрүүн агаарын нөлөөн дор байдгаас шалтгаалан чийгтэй, сүүдэрхэг орчинд ургадаг. Өөрөөр хэлбэл нэг их хурц наран дор тавилгүй, сайн услаад байх юм бол ургаад л байна гэсэн үг. Байгальд эсвэл дулаан газар гадаа цэцэрлэгт тарьвал 1.5 м хүртэл өндөр ургадаг, гэрт бол савныхаа хэмжээнд тааруулаад л ургана даа. Уг цэцэг маань нэг иймэрхүү дүр төрхтэй:
Aethiopican Calla төрөлд багтдаг бас нэг төрлийн Гоодаль нь Ногоон Дагина Гоодаль буюу Green Goddess Calla юм. Ургах нөхцөл нь цагаан цэцэгт энгийн гоодальтай адил учир нэг төрөлд багтаадаг, ялгаа нь гэвэл цэцэг нь ногоон өнгөтэй бөгөөд цагааныг бодвол арай жижиг, байгальд 1 м орчим өндөр ургадаг.
За сүүлийн төрөл нь гэвэл Zantedenschias Calla Lily буюу өнгөт цэцэгт Гоодаль юм. Түүнийг бусдаас нь ялгах тун амархан, навч нь цагаан толботой, цэцэг нь янз бүрийн өнгөтэй байна, тэр дотроо цагаан ч бас байх. Тэгэхдээ бусад Гоодалиас ялгарах гол зүйл нь цагаан толботой ногоон навч, зарим нэг нь толбогүй, суман хэлбэртэй навчтай ч байх. Өнгөт цэцэгтэй Гоодаль нь хуурай, нартай газар сайн ургадаг. Өмнөд Африкийн зүүн эргээр нутаглаж, Энэтхэг далайн дулаан агаарын урсгалд дасал болсон ургамал тул наранд дуртай боловч чийгэнд тэсвэр муутай. Тиймээс ч гэрт тарихдаа дренаж сайн хийхгүй бол булцуу нь ялзрах гээд байдаг гэмтэй, байнга чийгтэй, устай байлгаж болохгүй. Энгийн гоодалийг бодвол арай намхан 0.5-1 м хүрэхтэй үгүйтэй л ургадаг гэж байгаа.
Миний андуурч эндүүрээд “алчихдаг” Гоодаль маань улбар шар, ягаан цэцэгтэй байсан юм аа. Яасан гэхээр 7 жилийн өмнө цэцэг гээч юмыг дөнгөж сонирхож эхлэж байхдаа ОХУ-руу томилолтоор яваад тэндээс хэрэг болгож Гоодалийн булцуу, бас бус хэдэн цэцэгний үр авчраад гэртээ тарьсан юм. Бүгдээрээ л сайхан ургалаа, худалдагч орос “эгч” хамгийн сайн булцуугаа шилж өгснийг ч хэлэх үү, нэг нь ч үхэлгүй бүгд ургаад, цагаан толботой их л ганган навчнууд гараад л дараа нь цэцэглэдэг юм байна. Улбар шараас нь нэг, ягаанаас нь хоёр цэцэг гараад нилээн удаж байгаад хагдарлаа, дахиад л цэцэглэлээ…. Бусад цэцэгнүүд нь ч сайхан ургаад зураг хөргийг нь аваад л би гэдэг хүн их л урамтай байж байтал нэгэн баргар өдөр улбар шар Гоодалийн маань навч шарлаад, улмаар хатаад, тасраад унаваа хөөрхий. Би ч сандраад л бараг л эмч домч дуудах нь холгүй байж байтал дахиад нэг навч, дараа нь дахиад нэг навч …. унасаар байгаад гоодалийн маань сав нь хоосроод, нээх том 2 хоосон сав үлддэгийн байна…. Бараг л уйлж дуулаад оршуулах юм болов. Хэд хоног услаж байгаад “за за өнгөрч, бүр үхчихэж” гэж бодоод гаргаж хаях гээд дэлгэсэн сонин дээр хөмрөөдэхтэл юүү вээээ бөөн бөөн бөөрөөрөө нийлсэн төмснүүд савных нь ёроолоос уналаа. Булцуу хөрсөндөө үрждэгийг би тэр үед мэдэж байсан биш дээ, өөрөө “нялхаараа” байсан хүн чинь, бараг л “мутант” болсон байна гэж оношлоод л хурдхан шиг гаргаад хаячихсан. Тэгсэн яасан гэхээр, булцуу нь үржээд савныхаа ёроолоор дүүрээд, тэжээл нь дутагдсаны улмаас гоодаль маань унтаа байдалд орж л дээ, би тэрнийг нь мэдэх биш, бараг л халдварт өвчин туссан байна гээд гаргаад хаячихсан даа…. Ингээд л Монголдоо л ховорхон байдаг өнгөт цэцэгт Гоодалийг би гэдэг хүн … … … ум ма ни бад мэ хум … …
За тэгээд Гоодалийг яаж суулгадаг юм бэ гэвэл эхлээд булцуугаа ялгаж сурна аа. Энгийн гоодаль буюу цагаан цэцэгт гоодалийн булцуу нь гонзгой хэлбэртэй, зарим нэг нь цагаан гаа шиг “замбараагүй хэлбэртэй” байна. Өнгөт цэцэгт гоодалийн булцуу нь нар шиг дугариг, хоёр талаас нь алгадчихсан юм шиг хавтгай байна аа. Зиа, булцуугаа ялгачихлаа, одоо эрүүл булцууг нь яаж таних вэ гэвэл булцууныхаа хальснаас жоохон шалбалаад үзнэ дээ, манайхан төмс авахдаа “монгол шар төмс мөн үү үгүй юү” гээд л хальсыг нь шалбалдаг шүү дээ, яг л тэгнэ гэсэн үг. За тэгээд шалбалтал яг л сайхан шинэ төмс шиг хатуу, шүүстэй байвал эрүүл, сайн булцуу байна гэсэн үг, зөөлөн бөгөөд олон жижиг нүхтэй болсон байвал ай даа базаахгүй булцуу байна аа гэсэн үг. Базаахгүй булцуу суулгаад нөгөөх нь ургахгүй ялзарчихвал сэтгэлээр унахын нэмэр биз дээ? Тэгэхээр нэг мөр сайныг нь сонгож аваад суулгасан нь дээр дээ …
Өнгөт цэцэгт Гоодалийг суулгахдаа савныхаа ёроолд заавал дренаж хийнэ, тэгэхгүй бол булцуу нь ялзраад байдаг. Харин Цагаан цэцэгт энгийн гоодаль, Ногоон дагина хоёрыг дренажгүй суулгаж болно. Савандаа нилээн хэмжээний шороо хийгээд булцуугаа зөв байрлуулаад (олон “нүдтэй” талыг нь дээш нь харуулна) тэгээд дээрээс нь 6-8 см шороогоор хучаад сайхан услаад наранд тавиад хүлээгээд суучихна даа. Нэг саванд нэг л булцуу суулгана. Жил болгон савыг нь солихгүй бол болохгүй 1. хөрс нь шимгүй болно 2.булцуу нь олон болсон байх тул салгаж авах хэрэгтэй. За дээр оруулсан зурган дээр нэг булцуу хэд болж үржиж байгааг тодоос тод харж болно оо.
Гоодалийн тухайд нэг иймэрхүү л мэдлэг, мэдээлэл байна, асуулт байвал асууна биз ээ, одоохондоо ингэсгээд төгсгөлөө, дараа нь нэмж бичих юм санаанд орвол бичье дээ…





Гоо даль цэцэглэж байгаад цэцэг нь үхчихсэн. Ахиж цэцэглэхгүй юм. Яах ёстой вэ
ReplyDelete